Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН ЦОЛТОН НЭМЭГДЛЭЭ ДЭЛЭГИЙН ЖАНЦАНХОРОЛ

   Д.Жанцанхорол Эрдэнэдалай суманд төрсөн. 1971-1976 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч мэргэжлээр төгссөн. Монгол улсын зөвлөх мал зүйч зэрэгтэй, Удирдахуйн ухааны магистр. 1976-1981 онд Сайнцагаан сумын Мандах нэгдлийн ерөнхий зоотехникчээр ажиллах хугацаандаа жил бүр хонин сүргийн ангилалт хийж шилмэл суурь байгуулан бүдүүвтэр ноост хонины үржлийн ажлыг сайжруулж, чанарын шаардлага хангасан ноосыг тусад нь ялгаж Улаанбаатар хотын хивсний үйлдвэрт тушааж байв.

   “Талын улаан” үүлдрийн үнээний ферм байгуулж өвөл, хаврын улиралд Мандалговь хотын хүүхдийн сүүний газрын хэрэгцээг хангаж байсан. Аймагтаа болон Сонгинохайрхан дүүрэгт удирдах албан тушаалд ажиллаж байгаад 2000-2014 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын дарга, Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар тус тус ажиллаж байсан.

    Ажиллах хугацаандаа малын үржлийн ажилд биотехнологийн шинжлэх ухааны ололт, үр өгөөжийг дээшлүүлэн донор мал бий болгох, генетик дэвшлийг түгээх зорилгоор Малын удмын сангийн үндэсний Цогцолбор байгуулах санаачилгыг анхлан гаргаж холбогдох Төр засгийн бодлого хөтөлбөрт тусгуулан уг цогцолборын суурийг тавилцаж байсан. Мөн улсын хэмжээнд 2009-2021 онд хэрэгжүүлэх “Мал үржлийн ажлын стратеги төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийг ахалж батлуулжээ. Танд халуун баяр хүргэж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн